Унгараас эх орон хүртэл мотоциклээр 10,000 гаруй километр туулсан моточин гэр бүлийн яриаг хүргэе.
Намайг Сүхбаатарын Ариунжаргал гэдэг. Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрж өссөн. Нөхрийг минь Жаргалсайханы Цэрэндондов гэдэг, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул.
Нөхөр маань хөдөө өссөн болохоор багаасаа л мотоцикл унадаг байсан. Харин би нөхрийнхөө ард сундалж явдаг байлаа — дотроо бол мотоцикл унах нууцхан мөрөөдөлтэй.
2017 онд нөхөр маань Эмэгтэйчүүдийн баяраар Vulcan 400cc загварын мотоцикл бэлэглэхэд би хагартлаа баярлаж, мөрөөдөл минь биеллээ олж байлаа.
Нөхөр маань Монголын хамгийн ууган клуб болох “Mongolian Choppers Brotherhood”-ийн гишүүн. Би бол “Night Fury Mongolia” эмэгтэй crew-гийн цувааны ахлагч.
Унгараас эх орон хүртэл
Бид 2022 оноос Унгарт хоёр жил ажиллаад, эх орон руугаа буцахаар шийдсэн. Тэндээсээ Shadow 750cc загварын хоёр мотоцикл худалдаж авлаа. 2024 оны тавдугаар сарын 19-нд Унгарын “Баатруудын хөшөө” талбайгаас найз нөхдөөрөө үдүүлэн, эх орноо зорив. Замдаа таарсан улс орнуудыг үзэх төлөвлөгөөтэйгөөр газраар аялсан маань нийт 15 хоног тасралтгүй үргэлжилсэн.
Улаан-Үдэд ирэхэд нутагтаа ойртсон болохоор сэтгэл амарчихсан. Бороо ороод байсан учир тэндээ гурав хоносон. Тэгээд зургаадугаар сарын 8-ны үүрээр моточдын баярын өдөр буюу “Талын салхи” фестивалиар Улаанбаатарт ирлээ. Тэр үед бид яг 10,000 гаруй км зам туулсан байж билээ.
Монголынхоо хил дээр улсынхаа далбаа, хоёр клубийнхээ тугтай цуг намируулан орж ирэх нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж байсан. Биднийг ирэхэд ах дүү нар, хоёр клубийнхэн хадаг, мөнгөн аягатай сүү барин Урьхан дээр тосож авсан. Тэр мэдрэмж одоо ч сэтгэл догдлуулдаг.
Мэргэжил нэгтэй, ижил хоббитой
Нөхөр маань хөгжмийн найруулагч, хөгжмийн багш. Би хөгжмийн багш, цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Мэргэжил нэгтэй, ижил хоббитой болохоор бид бие биеэ ойлгож, харилцан дэмжих нь амар.
Моточид бид эрх чөлөөг тултал нь мэдэрдэг хүмүүс. Нөхөр бид хоёр Баянхонгор, Говь-Алтай, Увс, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгийг мотогоороо тойрон аялсан. Тэр үед Монголынхоо ямар баян тансаг болохыг биеэрээ мэдэрдэг юм.
Клубын соёл, замын хариуцлага
Сүүлийн үед мото унаж байгаа залуус олширч байна. Тэр хэрээр сайн ч, муу ч тал ажиглагддаг. Бидний хувьд клубт харьяалагддаг болохоор хаана, яаж унахаа сайн мэддэг. Зам тээврийн ослуудыг хараад байхад клубт харьяалагддаггүй моточид дүрэм журам сахихдаа арай сул байгаа нь анзаарагддаг.
Мото клубуудын ихэнх нь замын хөдөлгөөний соёлыг түгээх, сайн үйлсийн аяныг дэлгэрүүлэх, нийгэмдээ тустай үйл ажиллагаа явуулахад анхаардаг. Энэ талыг маань хүмүүс ойлгож, таашаадаг болсонд баяртай явдаг.












