СӨҮЛ, 2026 оны зургаадугаар сарын 25 /Ёнхап/. Монгол Улсын Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар БНСУ-ын мэдээллийн Yonhap агентлагт өгсөн ярилцлагадаа Монгол Улс нь БНСУ, БНАСАУ-ын хоорондын яриа хэлэлцээний сувгийг хадгалж, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой гэдгээ онцоллоо.
Зургаадугаар сарын 23-нд өгсөн уг ярилцлагадаа тэрбээр хоёр Солонгосын энх тайвны төлөө харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг зэрэг хөгжүүлэх шаардлагатайг тодотгов.
Итгэлцэлгүйгээр энх тайван ганхана
“Солонгосын хойгийн энх тайван нь итгэлцэл болон бүс нутгийн хамтын ажиллагаанаас салангид ойлголт биш. Эдгээр нь зэрэгцэн хөгжих ёстой” хэмээн тэрбээр онцоллоо.
“Итгэлцэл байхгүй бол энх тайван ганхах болно. Бодит хамтын ажиллагаагүй тохиолдолд итгэлцэл нь зөвхөн хийсвэр ойлголт хэвээр үлдэнэ.”
Монгол Улс хоёр Солонгостой найрсаг харилцаатай байж, бүс нутгийн гол орнуудтай бүтээлч хамтын ажиллагаа хөгжүүлж ирснийг дурдаад, Монголын гол үүрэг нь харилцаа хэлэлцээний сувгийг хадгалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, практик хамтын ажиллагааг дэмжихэд оршино гэв.
БНСУ-ын Нэгдлийн сайд Чон Дун Ёны саяхан дэвшүүлсэн Өмнөд, Умард Солонгос, АНУ, БНХАУ-ын дөрвөн талт яриа хэлэлцээний саналыг “яриа хэлэлцээний зорилгыг өргөжүүлэх чухал санаачилга” хэмээн тэрбээр үнэлсэн байна.
Зүүн хойд Ази, Төв Азийг холбосон “гүүр”
Г.Занданшатар Монгол Улс Зүүн хойд Ази болон Төв Азийг холбосон “гүүр” (connector) байх шаардлагатайг онцолж, дараах байр сууриа илэрхийлэв:
“Монгол Улс Зүүн хойд Ази, Төв Ази, цаашлаад Евроазийн өргөн уудам бүсийн уулзварт оршдог. Манай улсын боломж нь газар зүйн байршлаа харилцан холбогдох давуу тал болгон, улмаар түүнийг тогтвортой хөгжлийн суурь болгон хувиргахад оршиж байна.”
Түүний хэлснээр, БНСУ, БНХАУ, Япон улс технологи, инноваци, аж үйлдвэрийн чадавх, хөрөнгө оруулалт, зах зээлийн давуу талтай бол Төв Азийн орнууд эрчим хүчний нөөц, чухал ашигт малтмал, хүнсний тогтолцоо, тээвэр логистикийн боломж, өсөн нэмэгдэж буй зах зээлээрээ харилцан бие биеэ нөхөх боломжтой. Гэвч эдгээр боломж хангалттай уялдаагүй хэвээр байгаа бөгөөд Монгол Улс газар зүйн байршил, харилцан итгэлцэл, яриа хэлэлцээ, бодит хамтын ажиллагаанд тулгуурлан энэхүү зайг нөхөж чадна гэж тэрбээр үзжээ.
Чухал ашигт малтмалын хамтын ажиллагааг шинэ шатанд
Монгол Улс, БНСУ хоёр чухал ашигт малтмалын салбарт нийлүүлэлтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатайг тэрбээр онцлоод, Солонгосын уншигчдад хандан ийнхүү хэлэв:
“Монгол Улс түүхий эд нийлүүлж, БНСУ технологи нийлүүлдэг байдал удаан хугацаанд үргэлжилсэн. Гэвч цаашид энэ нь хангалтгүй. Хариуцлагатай хайгуул, боловсруулалт, технологи дамжуулалт, хамтарсан судалгаа, чанартай боловсон хүчин бэлтгэл, байгаль орчны стандарт, санхүүжилт, урт хугацааны тогтвортой худалдан авалтын тогтолцоог багтаасан өртгийн сүлжээг хамтдаа бүрдүүлэх шаардлагатай.”
Түүнчлэн Монгол Улс зөвхөн түүхий эд экспортлогч орон бус, харин зай хураагуур, цэвэр эрчим хүч, дижитал үйлдвэрлэл, өндөр технологийн үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээнд ашиглагдах боловсруулсан бүтээгдэхүүн, өндөр нэмүү өртөг шингэсэн материалыг үйлдвэрлэгч улс болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Ирэх 10 жилийн хөгжлийн суурь ойлголтууд
Ирэх 10 жилийн Монголын хөгжлийг тодорхойлох суурь ойлголтуудыг тэрбээр “холбогч улс”, “хамтын ажиллагаа”, “итгэлцэл”, “тэсвэрлэх чадвар”, “эмх цэгцтэй хөгжил” хэмээн тодорхойлжээ.
“Арван жилийн дараа Монгол Улсыг зөвхөн газрын баялгаар нь бус, тэрхүү баялаг дээрээ ямар үнэ цэн бүтээснээр нь үнэлдэг улс болоосой гэж хүсэж байна.”
Тэрбээр хүчирхэг институц, хүний капитал, ил тод засаглал, тогтвортой аж үйлдвэр, харилцан итгэлцэл, нээлттэй бөгөөд өөртөө итгэлтэй ардчиллыг хөгжүүлэх шаардлагатайг онцлов.
Гомбожавын Занданшатар нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Тэрбээр зургаадугаар сарын 25-нд БНСУ-ын Жэжү аралд болох “Хуваагдлын эрин үе дэх хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт “Жэжү форум”-ын Дэлхийн удирдагчдын хэлэлцүүлэгт панелистаар оролцох юм.













