Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хороо-ны дарга Б.Золтуяа болон гишүүн Ч.Батзориг, Ү.Оюунзул, Г.Батбаяр, Д.Отгонсүрэн, Ч.Батцогт нар нийслэлийн Байгаль орчны газарт ажиллаж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр болон тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.
Уулзалтын үеэр нийслэлийн Байгаль орчны газар энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулав.
Нөхөн сэргээлт, хөрсний бохирдол
Эвдэрч доройтсон 199.7 га талбайг нөхөн сэргээж, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалттай холбоотой зөвшөөрөл, хяналтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байгааг мэдээллээ.
Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа, мониторингийн ажлыг эрчимжүүлж, ургамал болон ашигт бактери ашиглан 35 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Мөн стандартын шаардлага хангасан ариун цэврийн 32 байгууламж барих ажлыг эхлүүлсэн байна.
“Тэрбум мод” ба ойжуулалт
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оны зургаадугаар сарын байдлаар нийт 23 мянга гаруй иргэн 749 мянга гаруй мод тарьжээ. Цаашид доройтсон ойн сан бүхий 12 мянга гаруй га талбайд нөхөн сэргээлт хийх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих шаардлагатай байгааг онцоллоо.
Тусгай хамгаалалт ба усны нөөц
Нийслэлийн хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, 138 мянга гаруй га талбайг улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан байна. Усны нөөцийг хамгаалах хүрээнд ус ашиглах болон худаг гаргах зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, эхний хагас жилд 1152 өргөдлийг шийдвэрлэжээ. Сонгинохайрхан дүүрэгт хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Зэрлэг амьтан хамгаалал
Иргэдээс ирсэн 50 дуудлагын дагуу 86 зэрлэг амьтныг авран хамгаалж, байгальд нь эргүүлэн тавьсан байна. Түүнчлэн нийслэл орчмын зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон бодгаль тарвагыг шилжүүлэн нутагшуулах, минж үржүүлэх, зэрлэг амьтдад ээлтэй орчин бүрдүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлж байгаагаа танилцуулав.
Минж үржүүлэх, нутагшуулах төв
Уулзалтын үеэр Байгаль орчны газрын дэргэдэх Минж үржүүлэх, нутагшуулах төв-ийн үйл ажиллагааг онцлон танилцуулсан юм. Тус төв нь Туул голын ай савын экосистемийг сэргээх зорилгоор 2012 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 33 бодгаль минж үржүүлж, нийт 87 бодгалийг байгальд нутагшуулжээ.
Минжийн генетикийн олон янз байдлыг хадгалах зорилгоор бусад гол мөрнөөс 12 минж авчирч, үржил селекцийг сайжруулах арга хэмжээг эхлүүлсэн байна. Мөн минж үржүүлэх байр, музей, сургалт сурталчилгааны төв, ажилчдын байрны засвар шинэчлэл хийж, гадаалуулах хөв цөөрмийг өргөтгөн шинэчилж байна.
Түүнчлэн нарны зай хураагуур суурилуулж, 2026 оноос цахилгааны хэрэгцээгээ бүрэн сэргээгдэх эх үүсвэрээр хангах боломж бүрджээ. Экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр жил бүр мянга орчим сурагч, оюутан, иргэнд сургалт, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулдаг байна.
Хорооны гишүүдийн санал
Ногоон хөгжлийн хорооны гишүүд байгаль хамгаалал, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн мод, бут сөөгийн арчилгаа, усалгаанд саарал ус ашиглах боломжийг нэмэгдүүлж, усны нөөцийн хэмнэлттэй менежментийг нэвтрүүлэх саналыг дэвшүүлэв.













