Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг өнөөдөр үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдаанаар болов. Хэлэлцүүлгийн гол маргаан төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлуудын өндөр цалин, сонгон шалгаруулалтын ил тод байдал дээр төвлөрлөө.
“Алдагдалтай атлаа захирал нь өндөр цалинтай”
Төсөлд УИХ дахь Ардчилсан намын гишүүд шүүмжлэлтэй хандав. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төрийн өмчит зарим компани алдагдалтай ажилладаг атлаа захирал нь өндөр цалинтай байгааг шүүмжилж, дараах жишээг дурдлаа:
- “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн захирал — 38 сая төгрөг
- Диспетчерийн үндэсний төвийн дарга — 25 сая төгрөг
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн захирал — 20 сая төгрөг
Тэрбээр гүйцэтгэх захирлуудын сонгон шалгаруулалт дутуу, ил тод бус байгааг онцлов.
“ТУЗ болон гүйцэтгэх захиралд УИХ хяналт тавьж чадахгүй байна. Би эрчим хүчний салбарын байгууллагууд руу албан бичиг илгээсэн ч ТУЗ-ийн гишүүдийнхээ мэдээллийг 12 байгууллагаас бусад нь өгөөгүй. Ийм л хаалттай байдаг. Энэ хүмүүсийн бүтээмжид суурилж урамшуулал өгдөггүй.”
“Эрдэнэс Монгол”-ын захирлын цалин — 20 мянган ам.доллар
УИХ-ын гишүүн Ө.Шижир “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайн сарын цалин 20 мянган ам.доллар буюу ойролцоогоор 64.9 сая төгрөг болохыг хэллээ.
Ажлын хэсгийн байр суурь
Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалсан. Тэрбээр захирлуудын цалинг улс төрчид ихээр ярьдаг ч, үүрэг хариуцлага хүлээсэн бол тэр хэрээр өндөр цалин авах нь зүйн хэрэг гэсэн байр суурийг илэрхийлэв.













